Оюутан залууст "Баялгийн сан: Олон улсын туршлагыг нутагшуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа
МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудад “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль, эрх зүйн орчин, Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал болоод олон улсын Баялгийн сангуудын сайн жишээ, сургамж, олон улсын нийтлэг зарчим болох Сантьяго зарчим түүнийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Мөн Баялгийн сангийн засаглалын зохистой зарчим, төрөлжсөн багцын хөрөнгө удирдлага, эрсдэлийн удирдлага, иргэдэд нээлттэй ил тод, иргэдийн хяналттай байх нь яагаад чухал болохыг онцлов.
Үүнээс гадна Баялгийн сан нь гадаад хөрөнгө оруулагчдыг татахад хэрхэн нөлөөлөх, эдийн засгийн дипломат үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх, эдгээртэй холбоотой олон улсын Баялгийн сангуудын жишээ, сүүлийн үеийн мэдээлэл өгч, оюутнуудтай нээлттэй ярилцлаа.
Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн энэ үеэр оюутан, судлаач багш нарыг Үндэсний Баялгийн сангийн талаар эрдэм шинжилгээний судалгаа, бүтээл хийхийг уриалж энэ тал дээр тусалж, дэмжиж хамтран ажиллахад үргэлж нээлттэй байхыг онцлон дурдав.
Та Баялгийн сан дахь өөрийн хуримтлалаа E-Mongolia руу хандаж шалгаарай.

