Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

2025-10-03
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

СИНГАПУР (Ройтерс) - Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхтэй зэрэгцэн Үндэсний баялгийн сангийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд "Чингис хаан" Үндэсний баялгийн сангийн ТУЗ-д хараат бус гишүүдийг томилох болон хөрөнгө оруулалтын ил тод стратегийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 

Өнгөрсөн оны 4 дүгээр сард батлагдсан хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан тус сан нь одоогоор 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлээд байгаа бөгөөд 2026 оны эхний хагаст үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө эцэслэн батлахаар зорьж байна. Тус санг Азийн томоохон газар нутгийг байлдан дагуулж, Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны нэрээр нэрлэсэн билээ. 

Ингэснээр Монгол Улс баялгийн сангаа амжилттай байгуулсан Ази, Персийн булангийн орнууд, мөн саяхан энэ чиглэлд зорилт дэвшүүлсэн Тайвань, Индонез, АНУ зэрэг улсуудын эгнээнд нэгдэж байна.

Тус сангийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон "Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулган"-ы үеэр өгсөн ярилцлагадаа: "Үндэсний баялгийн сан байгуулсан гол зорилго нь уул уурхайн хөрөнгө оруулагчид болон Монголын ард түмний хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд оршиж байна" хэмээн онцолжээ.

Тэрээр 17 гаруй жил үргэлжилсэн хэлэлцүүлэг, үндэсний зөвшилцлийн үр дүнд "бид сангаа хуульчилж, тодорхой, дүрэмд суурилсан байх ёстой гэдэгт онцгой ач холбогдол өгсөн" гэв.

Байгалийн баялаг ихтэй ч хүн ам сийрэг Монгол Улс түүхий эдийн үнийн өсөлтөөс ашиг хүртэж буй хэдий ч өнгөрсөн хугацаанд засаглалын ил тод бус байдал, авлигын асуудалтай тулгарч байсан нь нийгмийн бухимдлыг төрүүлж байсан түүхтэй.

Энэхүү үл итгэлцлийг арилгах шийдэл болгон цахим аппликэйшн хөгжүүлж буйгаа Б.Тэмүүлэн танилцуулав. Тэрээр "Иргэн бүр баялгийн сангийн хөрөнгийн байршуулалт, орлогын эх үүсвэр, төвлөрүүлж буй компаниудын мэдээлэл, мөн өөрт ногдох өгөөжийн хэмжээг гар утаснаасаа хянах боломжтой болно" гэв.

"Чингис хаан" Үндэсний баялгийн сан нь Сингапурын загвартай ижлээр стратегийн хөрөнгө оруулалт, нийгмийн хуримтлал, дотоодын бизнесийг дэмжих чиглэлээр төрөлжсөн гурван тулгуурт бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулна.

Тодруулбал, ашигт малтмалын экспортын роялти орлогоор "Ирээдүйн өв сан"-г арвижуулж гадаадад хөрөнгө оруулах бол төрийн өмчит компаниудын ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүлнэ. Харин түүхий эдийн үнийн өсөлтийн гэнэтийн ашгаас бүрдэх "Хөгжлийн сан" нь дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зангуу хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэх юм.

"Чингис хаан" Үндэсний баялгийн сан ХХК нь Монгол Улсын ашигт малтмалын ордуудын хувьцааг эзэмшдэг "Эрдэнэс Монгол" нэгдлийн 100 хувийн өмчлөлд байна.

Сангийн санхүүгийн хяналтыг Сангийн яам хэрэгжүүлэх бөгөөд 1.9 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг Норвегийн Төв банкны хөрөнгө оруулалтын менежмент (Norges Bank Investment Management) буюу Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сангийн засаглалын загварыг жишиг болгон нутагшуулахаар зорьж байна.

Сан одоогоор ирэх жилийн хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах шатанд явж байна. Одоогийн байдлаар сангийн хөрөнгө оруулалтын багц "маш консерватив" стратегитай байгаа бөгөөд 2030 он хүртэлх хугацаанд тогтвортой байдлыг чухалчлах аж.

Тэрээр "Одоогоор миний гол үүрэг бол сангийн ирээдүйн бат бөх суурийг тавих явдал юм" хэмээн ярилцлагаа өндөрлөв.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээлэл
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд...

Дэлгэрэнгүй
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан"...

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар барим...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхий...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Монголын Эдийн Засгийн Форум 2025-ын "Урт хугацааны баялгийн удирдлага" нэг...

Дэлгэрэнгүй
Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Сингапур улсад 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэр...

Дэлгэрэнгүй