Уул уурхайн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар гуравдугаар сарын 24-нд уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон Уул уурхайн аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн, судлаачид оролцож санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
Аль ч Засгийн газрын үед уул уурхайн компаниудад үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Ингэж байж Баялгийн санд оруулах эх үүсвэр нь ч нэмэгдэнэ.
Олон жил үргэлжилж байгаа маргааныг эцэслэж Стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоож, тусгай АМНАТ-аар орлуулах хувилбарыг боловсруулсан нь иргэд уул уурхайгаас олсон байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь:
Баялгийн санг улс төрөөс хараат бус, мэргэжлийн менежмент болон ил тод, нээлттэй хяналтын тогтолцоонд суурилсан "дүрэм"-ээр удирдах нь нийтийн итгэлийг даах сайн засаглалын гол суурь болно.
Сангийн сайн засаглалын хүрээнд дөрвөн үндсэн асуудал яригддаг.
Нэгдүгээрт, сангийн удирдлагын бүтцийг зөв зохион байгуулах асуудал. Өөрөөр хэлбэл, хэн шийдвэр гаргах, хэн хяналт тавих, сангийн үндсэн зорилго юу байх зэрэг удирдлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай.
Хоёрдугаарт, сангийн хөрөнгө оруулалтын бодлого, чиглэл буюу мандатыг зөв тодорхойлох. Ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж болох, ямар хөрөнгө оруулалт хийхийг хориглох зэрэг шалгуур, журмыг нарийвчлан тогтоох нь чухал.
Гуравдугаарт, сангийн гүйцэтгэлийг ямар үзүүлэлтээр үнэлэх вэ гэдэг асуудал. Зарим санг санхүүгийн өгөөжөөр нь үнэлдэг бол, ялангуяа дотоодын хөрөнгө оруулалт хийдэг сангуудын хувьд эдийн засагт оруулсан хувь нэмрээр нь үнэлэх шаардлага гардаг. Хэрвээ тэгвэл эдийн засагт оруулсан өгөөжийг хэрхэн тооцох, шинээр бий болгосон ажлын байраар уу, гаднаас татсан хөрөнгө оруулалтаар нь уу гэх мэт санхүүгийн бус үзүүлэлтүүдийг ашиглах шаардлага үүсэж байгаа юм.
Дөрөвдүгээрт, хяналтын тогтолцоо болон ил тод байдал. Сангийн үйл ажиллагаа олон нийтийн хяналтын дор явагдах нь чухал бөгөөд үүний тулд мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх шаардлагатай. Жишээлбэл, Норвегийн Баялгийн сан нь өөрийн вебсайт дээр хөрөнгө оруулалтын мэдээллээ маш нарийвчлан ил тод байршуулдаг. Тухайлбал, ямар компанийн ямар хувьцааг хэдэн төгрөгөөр худалдан авсан зэрэг мэдээллийг хүртэл ангилж харуулсан байдаг. Энэ нь Баялгийн санг ямар нэг төрийн байгууллага хянах ёстой гэсэн явцуу ойлголтоос илүүтэйгээр олон нийтийн хяналтыг хангах нь чухал юм.
Норвегийн Баялгийн сан 2008 онд зах зээлийн уналтын үед 250 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Гэсэн ч мэдээлэл, шийдвэрүүд нь ил тод байсан учраас иргэд энэ нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хүлээн авсан. Улмаар 2009 онд зах зээл сэргэх үед уг алдагдлыг нөхөж чадсан. Энэ жишээ нь баялгийн сангийн үйл ажиллагаанд ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн хяналт чухал болохыг харуулдаг.
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэргээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн, Монголын Инновацын холбооны тэргүүн, доктор(ScD), профессор Л.Оюунцэцэг:
Үндэсний баялгийн сангийн удирдлагыг мэргэжлийн, санхүүгийн мэргэшсэн удирдлагын менежментийн баг хариуцдаг олон улсын туршлагыг манайх нэвтрүүлэх хэрэгтэй байна. Баялгийн сан засаглал, менежментийн хувьд улс төрөөс хараат бус байх ёстой.
Баялгийн сангаас ирээдүй хойчдоо хуримтлуулж, өвлүүлэн үлдээх нь зүй ёсны асуудал. Монгол Улс хөгжиж буй орон учраас өнөөгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээг зарцуулах шаардлагатай бөгөөд одоогийн иргэдэд ч хүртээх нь зөв.
Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, менежмент, хөрөнгө оруулалтын мэргэжлийн удирдлага чухал үүрэгтэй.
Баялгийн сан гэдэг нь зарцуулах тухай ойлголт биш, харин өсгөж, арвижуулах ёстой. Дэлхийн амжилттай баялгийн сангууд олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийж сангаа өсгөж байна.
Иймээс бид хөрөнгийг хаашаа, хэрхэн байршуулах, сангаа хэрхэн арвижуулах, үр өгөөжийг иргэддээ хэрхэн зөв, шударга хүртээхийг тооцоо, судалгаанд суурилсан бодлогоор хэрэгжүүлж, энэ чиглэлд нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай.