Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзсан. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлж дүрэм, журам, хөрөнгө оруулалтын орчноо тодорхой болгох, тодорхойгүй асуудлуудаа шийдэх нь аж ахуйн нэгж байгууллагууд, улс орны эдийн засаг, иргэнд хүртэх өгөөжид ч эерэг нөлөөтэйг онцлов.
Хуулийн төслийн цар хүрээ:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөж гэдэгт юу юу хамаарахыг тодорхойлох
- Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх
- Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлөх
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулах.
Эдгээр асуудлыг тусгайлсан хуулийн хүрээнд шийдвэрлэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн эх үүсвэр тогтвортой арвижиж, иргэн бүр илүү өгөөж хүртэх боломж бүрдэх юм. Одоогоор 2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж байна. e-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн хуримтлалын сангийн иргэний нэрийн дансан дахь өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон бөгөөд 2026 онд 500 мянган төгрөгт хүргэхээр Засгийн газрын зүгээс төлөвлөж байгаа билээ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүртэй хэлэлцээ хийвэл хугацаа алдах, харилцан адилгүй байдал үүсэх эрсдэлтэй тул тэгш шударга зарчмыг хангахын тулд тусгайлсан хуулиар асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь илүү үр дүнтэй мөн аль нэгийг нь ялгаварлан гадуурхсан зэрэг асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.
Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болох юм.
Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна” гэв.
Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг боловсруулж байгаа бөгөөд тус ажлын хэсэгт “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордыг баталсан. Мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтаар стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалтыг гаргасан. Стратегийн 16 орд газруудаас зарим орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээг эхлүүлсэн.

