Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо
Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан” нэг жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан болов.
Тодруулбал, Global SWF байгууллагаас гаргадаг GSR Scoreboard-ын үнэлгээгээр 2025 онд 200 баялгийн сангаас 191-т байсан бол 2026 онд 52 байр ахиулж 139-т орлоо. Ингэснээр тус байгууллагаас гаргадаг индексээр 2026 онд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан болов. Энэ нь олон улсын байр суурь, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг.
Энэ нэг жилийн хугацаанд “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК олон улсын баялгийн сангийн холбоо, тинк танк, институттэй холбоо тогтоон ажиллаж, олон улсын баялгийн сангийн зарчмыг хэрэгжүүлэх, засаглал, хөрөнгө удирдлага, ил тод байдлыг олон улсын стандартуудад нийцүүлэх ажлыг менежментийн бэлтгэл хангах хүрээнд зохион байгуулсан нь ийнхүү үр дүнд хүргэлээ.
GSR Scoreboard нь Global SWF байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын Баялгийн сан болон нийтийн хөрөнгө оруулалтын сангуудыг засаглал, тогтвортой байдал, институтийн тэсвэртэй байдлын хүрээнд үнэлж, ил тод байдлыг хэмждэг олон улсын үнэлгээ юм. Тодруулбал, Засаглал, Тогтвортой байдал, Тэсвэрлэх чадварын хүрээнд олон нийтэд ил байршуулсан мэдээлэл дээр үндэслэж, нийт 25 үзүүлэлтээр тодорхойлдог.
Жил бүр дэлхийн 200 гаруй төрийн өмчийн сангийн (SWF & PPF) олон нийтэд ил болгосон мэдээллийг үнэлж, нийт оноог (0–100%) олон нийтэд зарладаг бөгөөд “Чингис хаан Үндэсний баялгийн сан” өнгөрсөн оноос хамрагдаж эхэлсэн юм.
GSR Scoreboard-ын үнэлгээнд хамрагдсанаар дараах давуу талууд бий болно.
- Дэлхийн бусад баялгийн сангуудтай, БОНЗ, институтийн чадавхаар шууд харьцуулах боломжтой болох,
- ТУЗ, хараат бус байдал, аудит, ил тод байдлыг системтэй бэхжүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх,
- БОНЗ, уур амьсгал, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг стратегийн түвшинд тусгахад түлхэц өгөх,
- Олон нийт, парламент, гадаад түншүүдэд институтийн чанарын хэмжүүр болох,
- Ил тод мэдээллийн стандарт, тайлангийн чанарыг сайжруулах,
"Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК GSR Scoreboard үнэлгээнээс гадна Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхээр IFSWF-ийн Сантьяго зарчмын хүрээнд бие даасан үнэлгээ хийж, нийцлийн зөрүүг тодорхойлов. Мөн SWFI-ийн “Линабург Мадуэл ил тод байдлын индекс (LMTI)” болон CFA институтийн “Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн олон улсын стандарт (GIPS)” зэргийг судалж, цаашид хэрэгжүүлэх замын зураглалыг боловсрууллаа.