Хуримтлалын нэрийн данс гэж юу вэ?
Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг арвижуулж, өнөөгийн Монгол Улсын иргэн бүрийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүний хүрээнд иргэн бүрт хуримтлалын нэрийн данс нээгдэж, цаашид эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд зориулан ашиглах боломж бүрдсэн.
2024 онд нийт 3.565.9 сая иргэнд нэрийн дансны бүртгэл үүсгэн, 2025 оны эхний хагас жилийн байдлаар иргэн таны дансанд 175.4 мянган төгрөгийн хуримтлал бий болсон байна.
Хуримтлалаа яаж ашиглах вэ?
Хуримтлалын нэрийн дансны хөрөнгийг 2030 он хүртэл зөвхөн хөрөнгө оруулалтын замаар хуримтлуулан, иргэний нэрийн дансанд тодорхой хуримтлал үүссэний дараа буюу 2030 оноос иргэн нэрийн данс дахь хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулах боломжтой. Нэрийн данс нээх, бүртгэл хөтлөх, зарцуулах үйл ажиллагаа Засгийн газраас баталсан журмаар зохицуулагддаг.
Хуримтлалаа хэрхэн шалгах вэ?
Та И-Монгол төрийн үйлчилгээний цахим системийн профайл цэсийн “Чингис Хаан" Үндэсний баялгийн сан” хэсгээс өөрийн болон 18 нас хүртэлх насны хүүхдийн нэрийн дансны үлдэгдэл болон өгөөжийг харах боломжтой.