ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БЛЭКРОК ФМА” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурав.

"БлэкРок ФМА" нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, технологийн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, төрийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн улс орнуудын үндэсний хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангуудад дэмжлэг үзүүлдэг туршлагатай компани юм.

Олон улсын сайн туршлагад нийцүүлэн энэхүү цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг дэлхийн тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу тус байгууллага оролцох сонирхлоо илэрхийлжээ. Засгийн газар болон “БлэкРок ФМА” хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судлахаар харилцан тохиролцсоны үр дүнд мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор санамж бичиг байгуулж байна.
Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашиг сайжрахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, Монгол Улсыг чиглэсэн урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтын шинэ, бат бөх сувгийг бий болгох ач холбогдолтой юм.
