“Mining Week & MinePro 2025”-д оролцож, стратегиа танилцууллаа
Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ болох “Mining Week & MinePro 2025” арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд "Чингис хаан Үндэсний баялгийн сан" (ЧХҮБС) нь тус арга хэмжээнд оролцож, сангийн үйл ажиллагаа, засаглалын бүтэц болон ирээдүйн зорилтоо олон нийт, уул уурхайн салбарын төлөөлөлд таниулан сурталчиллаа.
Тус арга хэмжээний хүрээнд ЧХҮБС-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Хамтын чуулган” нэгдсэн хуралдаанд “Үндэсний баялгийн сан: өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн баялгийн сангуудын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй сорилт болон Монгол Улсад баялгийн сангийн тогтолцоог хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаарх судалгаанд суурилсан стратегиа танилцуулсан юм. Энэхүү илтгэл нь оролцогчдод Үндэсний баялгийн сангийн мөн чанар, олон улсын жишигт нийцсэн удирдлагын тогтолцооны талаар цэгцтэй ойлголт өгөхөд чухал хувь нэмэр оруулав.
ЧХҮБС нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн асарт тусгай мэдээллийн цэг байгуулан ажиллаж, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван тулгуурт бүтцийн онцлог, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх бодлогоо 500 гаруй зочид төлөөлөгчдөд дэлгэрэнгүй тайлбарлан таниулав. Түүнчлэн баялгийн санд орлого төвлөрүүлэгч уул уурхайн салбарын гол түншүүдтэйгээ харилцааг бэхжүүлэн ажиллалаа.
Энэхүү оролцоо нь ЧХҮБС-ийн ил тод байдлыг хангаж, баялгийн удирдлагын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхээс гадна салбарын хөрөнгө оруулагчидтай итгэлцлийг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам боллоо.