"Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлан
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь 2025 онд Компанийн дүрэмд заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд 5 стратегийн зорилго, 15 зорилтыг дэвшүүлж, нийт 44 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 97.57 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна.
Тайлант хугацаанд олон улсын баялгийн сангуудын сайн туршлагад нийцсэн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх бодлогын зөвлөмж, хөрөнгө удирдлагын стратеги төлөвлөгөөг боловсруулж, стратегийн ордын хэлэлцээрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, макро эдийн засгийн өгөгдлийн сан бүрдүүлэх, аналитик загвар хөгжүүлэх замаар шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажилласан. Мөн иргэдийн оролцоог хангах хүрээнд 775 мянга гаруй иргэнийг хамарсан санал асуулга зохион байгуулж, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл, контентыг түгээх, албан ёсны цахим хуудсыг нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын түвшний арга хэмжээнд идэвхтэй оролцож бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар байгууллагын нэр хүнд, чадавхыг бэхжүүлэв. Түүнчлэн байгууллагын дотоод засаглал, санхүү, худалдан авалт, тайлагналын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохион байгуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт, архив, албан хэрэг хөтлөлтийн тогтолцоог стандартын дагуу төлөвшүүлснээр байгууллагын үйл ажиллагааны суурь орчин бүрдүүлж ажиллалаа.